Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
ОХУ-ын Барнаул хотод 2016 оны 9-р сарын 22-23 нд ОХУ-ын Алтайн хязгаарын ХАА-н удирдах газар, Алтайн хөдөө аж ахуйн их сургууль, МУИС-ийн Завхан сургуулийн хамтарсан “Их Алтайн бүс нутгуудын экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нөөц, чадавх” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болов. Хуралд тус сургуулийг төлөөлж Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны дарга доктор, дэд проф Б.Дэмид оролцов. Хурлын үеэр Алтайн хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Н.А.Колпаков, “Их Алтайн бүс нутгуудын экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нөөц, чадавх” төслийн ерөнхий удирдагч В.А.Кундиус болон хамтарсан судалгааны оросын талын багийн гишүүдтэй уулзаж, хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээг шинэчлэж, хамтран хэрэгжүүлж буй судалгааны цуврал төслийн явц, үр дүнгийн талаар ярилцаж, шинэ төсөл эхлүүлэх талаар тохиролцов.
Мөн Алтайн улсын их сургууль дээр зохион байгуулагдсан “Алтай-Азия 2016: ЕвроАзийн боловсролын орон зай- шинэ дуудлага, шилдэг туршлага” сэдэвт олон улсын боловсролын форумд оролцож, сургуулийн мэндчилгээг дэвшүүлж, форумын үйл ажиллагаанд баяр хүргэж үг хэлэв.
Энэ үеэр МУИС-ийн Завхан сургууль “Азийн их сургуулиудын холбоо /Ассоциация Азиатских университетов/ ны гишүүн сургууль болсон Батламжийг хүлээн авав.