Шинэ оноо угтаж, хуучин оноо үдэж гэж байгаа энэ алтан мөчид МУИС-ийн Завхан сургуулийн эрдэмтэн багш судлаачид, ажилтан албан хаагчид, оюутан залуучууд та бүхэндээ шинэ жилийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлье.
Дэлхийн хэмжээнд дээд боловсрол болон шинжлэх ухаанд тавигдах шаардлага ихээхэн өөрчлөгдөж байна. Ийм нөхцөлд Монгол улсын дээд боловсролын институци мөн өөрийн бодлогын чиг хандлагаа өөрчилж, бүс нутгийн их сургуулиудтай өрсөлдөх түвшинд хүрэх томоохон зорилго тавиад байна. МУИС нь энэхүү зорилгыг улс орондоо хэрэгжүүлэх, дээд боловсролд шинээр үүсэж буй сорилтыг даван туулж хөгжлийн дараагийн түвшинд хүрэх шаардлагатай тулгарч байгаа бөгөөд бид ч энэ зорилтын хүрээнд орон нутгийн, бүсийн улмаар улс орны эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх шинэ мэдлэг, шинэ судалгаа, шинэ санааг бий болгохын төлөө идэвхи зүтгэлтэй ажилласаар ирлээ.
Хөтөлбөрийн чанар, эрдэм судлалын үр өгөөжийг шинэ дээд түвшинд гаргаж, мэдлэгийн хүрээг тэлэн нийгмийн оюун санаанд оруулах хувь нэмрээ тасралтгүй нэмэгдүүлэх нь үндэсний тэргүүлэх их сургуулийн нэр хүндтэй үүрэг хариуцлага билээ. Энэхүү эрхэм үүргээ бид шинжлэх ухаанч ёсзүй, хандлагад тулгуурласан хараат бус академик эрэл хайгуулын бүтээлч орчин бүрдүүлэх замаар хэрэгжүүлж байна.
Энэ хичээлийн жил нь МУИС-ийн Завхан сургуулийг 2016-2024 он хүртэл хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөний эхний жилийн зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн жил байлаа.
2016 он бидний хувьд ихийг хийж амжуулсан, олон арван амжилт, ололтыг дагуулсан сайхан жил байлаа. 2017 онд манай сургуулийн хувьд ШУ-ны мэдлэг, ололт амжилт, нээлтүүдийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, улс орныхоо нийгэм эдийн зсгийн хөгжилд хувь нэмэр оруулах ТӨР-ХУВИЙН ХЭВШИЛ-АЖ ҮЙЛДВЭР-ИХ СУРГУУЛИЙН түншлэлийг хөгжүүлэх замаар нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж, мэдлэгээр манлайлагч байх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.