МУИС-ийг 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжиллээ

Монгол Улсад боловсролын магадлан итгэмжлэх анхны үйл ажиллагаа 1999 оноос эхлэж, үе шаттайгаар үргэлжилсээр өнгөрсөн жилээс их, дээд сургуулийн 3 дахь магадлан итгэмжлэл амжилттай явагдаж, сургууль, хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдэж байна. 3 дахь магадлан итгэмжлэлийг эхлүүлэхийн тулд БМИҮЗ 2016 онд магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулсан юм. ХБНГУ-ын ASIIN байгууллага, олон улсын зөвлөхүүдийн зөвлөмжийг тусган, оролцогч талуудын оролцоотой боловсруулан  2016 онд шинээр баталсан магадлан итгэмжлэлийн шалгуур, шаадлагаар эхний 22 сургууль, 13 хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдэж өнөөдөр /2018.06.28/ БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа гэрчилгээг гардуулав.

МУИС нь 1999, 2004, 2014 онуудад тус тус магадлан итгэмжлүүлж байсан бол өнөөдөр ийнхүү 4 дэх удаагаа магадлан итгэмжлүүллээ.

Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын оролцоог хангахын тулд шинжээчдийн багт ажил олгогч, оюутны төлөөллийг оролцуулж, шинжээчид чанарын үнэлгээний аргачлалаар бодитой үнэлгээ хийж байгаа нь сургууль, хөтөлбөрийн үйл ажиллагааг олон талаас нь нэгтгэн дүгнэх боломж бүрдсэн гэдгийг магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийн хамт олон онцлон тэмдэглэж байлаа. Сургууль, хөтөлбөрийн чанарын хөгжлийг дэмжих гол тулгуур нь чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоо учраас магадлан итгэмжлэлийн шал гуур, шаардлагын нэг үндсэн хэсэг нь тухайн сургуулийн чанарын бодлого, хэрэгжилт, үр дүн, сайжруулалтыг үнэлж дүгнэхэд чиглэгдэж байна. Энэ нь БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрүүд цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд чухал давуу тал болж байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургууль байгаагаас 67 нь магадлан итгэмжлэгдсэн, үлдсэн 29 сургууль байгууллагын магадлан итгэмжлэлд ороогүй байна. Мөн магадлан итгэмжлэгдсэн 67 сургуулийн 210 хөтөлбөрт хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийгдсэн байгаагаас 87 нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байна.