Р.Бат-Эрдэнэ: Дээд боловсролыг дэлхийд таниулах шийдэл бол мэдлэгийг баялаг болгох

Улс эх орны хөгжлийг боловсрол, мэдлэгтэй залуус авч явна. Тиймээс өнөөдөр дэлхий нийт хувь хүний хөгжил, мэдлэгийг баялаг болгох бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаарч байна. Манай боловсролын салбар ч шинэчлэл хийж, өнөөдрийг хүртэл зөв, буруу гэсэн дүгнэлтэн дунд чихээ халууцуулж явна. Тиймээс энэ удаа дээд боловсролын салбарт хийж буй шинэчлэлийн ажил руу өнгийж МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнийг “Манлайлагчдын форум”-д зочноор урив.

2015-01-06-11.38.031-768x740

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдаар томилогдсоныхоо дараа боловсролын асууд

лаар хоёр бодлогын зөвлөл байгуулсан. Нэг нь ерөнхий боловсролын асуудлаар, нөгөө нь дээд боловсролын асуудлаар байгуулсан.

Тэгээд энэ бодлогын зөвлөлд орж ажиллаач гэсэн хүсэлтийг надад ирүүлсэн. Би тухайн үед Монголд америк сургууль байгуулах тухай төслийн багт ажиллаж байсан. 2011 оны эхэн үеэс энэ төсөл дээр ажиллаж эхэлсэн. Энэ нь үндсэндээ олон улсад танигдсан, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн АНУ-ын их сургуулиудын хөтөлбөрийг Монголдоо эзэмших боломжийг бүрдүүлэх зорилготой хэсэг хүмүүсийн санаачилгаар хийгдсэн төсөл юм.

Эндээс юу сурав гэвэл бид 1990-ээд оны эхэн үеэс боловсролын шинэчлэлийн тухай маш их ярьсан. Шинэчлэлийн олон бодлогыг Засгийн газрын түвшинд хэлэлцсэн. Энэ бүхний эцсийн зорилго нь Монгол хүний эх орондоо эзэмшсэн мэдлэг, боловсрол нь тэдгээр хүмүүсийн сайн сайхан амьдралын баталгаа болох. Магадгүй, цааш үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй зарим хүнийг гадны улс оронд шууд хүлээн зөвшөөрч, хугацаа алдахгүйгээр дараагийн хөтөлбөрт шилжин суралцах. Бусдад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай, баталгаатай сайн боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байв.

Өнөөдөр бид боловсролын чанарын тухай ойлголтыг ч нэлээд тодорхой болгож өгөх хэрэгтэй. Боловсролын чанар гэдэг нь тухайн хүн эзэмшсэн боловсрол, мэдлэгээ өөрийнхөө амьдралд, эрхэлж буй ажилдаа ахиц дэвшил авчрах хэрэгсэл болгож чадаж байна уу гэдэг ерөнхий санаа юм. Нөгөө талд нь боловсрол гэдэг өөрөө боловсролыг хэрэглэж байгаа тэр харилцаанд тодорч гарахаас гадна тэр эзэмшсэн боловсрол дээрээ тулгуурлаж, дараагийн шийдвэр гаргахад хэр зэрэг итгэл хүлээж, хүлээн зөвшөөрөгдөж байна вэ гэдгийг олж харах.

Өнөөдөр боловсролын чанарыг үнэлж байгаа тогтолцооноос нь салгаж ойлгох боломжгүй.

Тиймээс боловсролын чанарыг гадна талаас нь үнэлэх үнэлгээ зайлшгүй хэрэг болж байгаа юм. Үүнийг бий болгохын тулд бид бас олон жил хичээн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ч олон ажлыг хийгээд байна. Тухайлбал, боловсролын магадлан итгэмжлэл байна. Энэ бол улсынхаа дотоодод их, дээд сургуулиудыг, сургалтын хөтөлбөрүүдийг албан ёсоор баталгаажуулах, хүлээн зөвшөөрөх процесс юм.

Үүний нөгөө тал нь улсын хэмжээнд нийтээрээ мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг стандартуудад тухайн сургуулийн үйл ажиллагааг хүргэхэд мэргэжлийн зөвлөмжөөр хангах зэрэг боловсролын чанарыг сайжруулах багагүй ажлыг боловсролын магадлан итгэмжлэлтэй хамт хийж байна.

Өнөөдөр боловсролын чанарыг үнэлж байгаа тогтолцооноос нь салгаж ойлгох боломжгүй. Энэ албан ёсны дүгнэлт болно. Түүнээс гадна аливаа чанарын тухай үнэлгээнд олон нийтийн санаа бодол бас чухал. Энэ нь чанарын тодорхой илэрхийлэл болно. Тухайлбал, энэ нь тухайн асуудалд шууд хамаатай хүмүүсийн сэтгэл ханамж байж болно. Ерөнхийдөө олон нийтийн сэтгэгдэл, төсөөлөл байж болно. Тийм сэтгэгдэл төсөөлөл зөвхөн манайд гэлтгүй олон улсын хэмжээнд ч гэсэн их сургуулиудыг, улс орны боловсролын системийг хооронд нь харьцуулан үнэлж дүгнэх суурь болж байдаг.

ДЭЛХИЙН ХӨГЖИЛТЭЙ ХАРЬЦУУЛАХАД БИД ХААНА ЯВНА

Дэлхийн шилдэг их, сургуулиудыг хэн, ямар үзүүлэлтээр шалгаруулаад байгаа нь бас чухал.Үүнийг үнэлж, дүгнэдэг тусгай систем бий.Түүн дотроос харьцангуй тогтсон, мэргэжлийн түвшинд хийгддэг, үнэлүүлж байгаа болон энэ үнэлгээг хэрэглэж байгаа байгууллага нь ч ач холбогдол өгч, хүлээн зөвшөөрдөг цөөхөн үнэлгээ байдаг.

АНУ-ын “US News & World Report” гэдэг хэвлэлийн газраас жил бүр тухайн улсын болон дэлхийн шилдэг их сургуулиудыг зэрэглэл тогтоож, зарладаг.

Мөн Английн “Times Higher Education World University Rankings” (THE) болон Азийн шилдэг их сургуулиудыг зарладаг “Asian week” сэтгүүл байна. Энэ зэрэглэлийг их сургуулиуд өөрсдөө биш хөндлөнгөөс хэвлэлийн байгууллагууд хийдэг. Эдгээр байгууллагууд олон улсад тогтсон үнэлгээгээр энэ судалгааг хийдэг.

Энэ үзүүлэлт дунд нэлээд жин дарж буй нь олон улсын боловсролын салбар болон их сургуулиудын үйл ажиллагааны талаар сайн мэддэг нэр хүндтэй экспертүүдийн үнэлгээ байдаг.

Энэ нь олон нийтийн санаа бодолтой төстэй юм. Ийм үнэлгээн дотор БНХАУ-ын Шанхай хотын Jiao Tong их сургуулиас их сургуулиудыг судалгааны ажлаар нь үнэлдэг үнэлгээ байдаг. Энэ гурван байгууллагын үнэлгээг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Энэ үнэлгээгээр бид өнөөдөр Монголын их сургуулиудыг үнэлүүлж, олон улсын хэмжээнд, дэлхийн шилдэг их сургуулиудын дунд манай сургууль хаахна явна гэдгийг олж харах нь чухал байна.

Өнөөдөр энэ судалгаанд Монголын их сургуулиуд хараахан хамрагдаагүй байна. Энэ судалгаанд оролцохын тулд тухайн сургуулиуд өөрсдөө хүсэлт гаргах, өөрсдийнхөө мэдээллийг өгөх ёстой байдаг. Түүнээс гадна тухайн сургууль олон улсад танигдсан, дэлхийд нэр хүндтэй тэр экспертүүдийн үнэлгээнд хамрагдсан байх ёстой.

Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд эрдэмтдийнх нь бүтээл хэвлэгдсэн байх ёстой. Энэ бас нэлээд суурь үзүүлэлтүүдийн нэг болж өгдөг. Мөн дэлхийн бусад орны эрдэмтэд дундаас манай эрдэмтдийн бүтээл хэр тоогдож, олон нийтийн анхаарлыг татаж байна ю гэдэг бас чухал. Хэрэв хэн нэгний анхаарлыг татахгүй бол тухайн сургуулийн судалгаа шинжилгээний бүтээл эргэлтэд ороогүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, оноо авах боломжгүй гэсэн үг.

МУИС ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ “УРАЛДААН”-Д ӨРСӨЛДӨХ БОЛОМЖТОЙ ЮУ?

МУИС 1942 онд байгуулагдсан, улсын ууган сургууль. Манай их сургуулиуд анх байгуулагдахдаа мэргэжилтэн бэлтгэх зорилготой сургалтын байгууллага хэлбэрээр байгуулагдаж байсан. Тэр уламжлал саяхныг хүртэл давамгайлж ирсэн. Гэтэл олон улсын хэмжээнд их сургуулиудыг үнэлэхдээ сургалтын үйл ажиллагаанаас гадна судалгааных нь үр дүнгээр үнэлж байна. Энэ нь нэлээд жин дарж байгаа үзүүлэлт.

Тиймээс их сургуулиудыг судалгааны байгууллага болгоно, их сургуулийн эрдэм шинжилгээний ажлыг бэхжүүлнэ, хөгжүүлнэ. Үүнээс гарах үр дүнг зөвхөн эдийн засгийн эргэлтэд оруулаад зогсохгүй эдийн засгийн үр өгөөжтэй болгоно гэсэн байр суурь, чиг хандлага төр засгийн түвшинд маш тодорхой боллоо. Энэ бүхэн өнөөдөр Монголын их сургуулиуд дээр явж байгаа шинэчлэлийн гол агуулга юм.

Өнөөдөр Засгийн газрын илэрхийлж байгаа байр суурийг харах юм бол шинжлэх ухааныг, түүн дотроо их сургуулиудыг зөвхөн сургалтаар бус судалгааны ажлаар эдийн засагт, нийгэмд үйлчилдэг байгууллага болгоно гэдэг байр суурь харагдаж байна. Нөгөө талаар боловсролыг хүнд нь их шингээж, боловсрол эзэмшсэн хүний чадварын тухай ярьж байна.

Зүгээр уншсан, сонссон, тодорхой төсөөлөлтэй болох биш, түүнийгээ хэрэглэж, хувиргаж, цаашаа нэмүү өртөг шингэсэн бараа үйлчилгээ болгож чаддаг байх ёстой гэж ярьж байна.

9666ab_6-17-7_700x700_x320

Их сургуулиуд бол бизнесийн байгууллага биш юм. 

Үүнд хүрэхийн тулд хөтөлбөрүүдийг шинэчлэх шаардлагатай болж байна. Зөвхөн онолын мэдлэг давамгайлсан хөтөлбөрөөс илүү практик, ур чадвар, чадамж эзэмшсэн хүнийг бэлтгэн гаргах тухай ярьж байна.

Тэгэхээр хөтөлбөрийн гол агуулга, түүнийг хэрэгжүүлэх арга зүй, зохион байгуулалтын хувьд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Энэ бүхнийг тооцож үзээд их сургуулиуд дээр шинэчлэлийн ажлыг хийсэн. Харин шинэчлэлийн чиг хандлага хаашаа яаж, явах вэ гэдэг ерөнхий дүр зургийг гаргаж ирэх “дизайнерууд” бол их сургуулийн баг, хамт олон өөрсдөө юм. Тиймээс шинэчлэлийн ажил энэ хүмүүсийн шийдэл дээр явж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

МУИС бол бусад их сургуулиас нэлээд ялгаатай. Бусад их сургуулиуд тодорхой чиглэлээр төрөлжсөн байдаг. Тухайлбал, ХААИС малын эмч, агрономич, мал эмнэлгийн эмнэл зүй зэрэг мэргэжилтэн бэлтгэдэг. АШУҮИС эрүүл мэндийн салбарт голчлон эмч бэлтгэж байна. ШУТИС инженерүүд, МУБИС багш бэлтгэж байна. Харин МУИС бол шинжлэх ухааны үндсэн гол суурь салбаруудыг бүрэн хамарч, мэдлэгийн салбарт ажиллах, мэдлэг бүтээх хүмүүсийг бэлтгэдэг.Өөрөөр хэлбэл, сургалтын цогц үйлчилгээ үзүүлдэг, шинжлэх ухаан, мэдлэгийн олон салбарыг хамарсан универсал байгууллага юм.

Их сургуулиуд бол бизнесийн байгууллага биш юм. Нийгмийн оюун санааны төвшинг урагш нь авч явдаг, нийгэмд байдаг мэдлэгийн эрэмбийг тогтоож өгдөг институци юм. Өнөөдөр мэдлэгийг шинээр бүтээх үйл явц шинжлэх ухааны тодорхой нэг салбар, нэг чиглэлээр дагнаж мэргэшээд шинэ мэдлэг эзэмшинэ гэдэг боломжгүй зүйл болж. Шинжлэх ухааны олон салбарыг дамнаж, тэдгээрийг нэгтгэж байж шинэ бүтээл, шинэ мэдлэгийг бүтээдэг цаг үед ирээд байна.

Тиймээс сурч байгаа хүмүүсийн суурь мэдлэг бас өргөн болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шинэчлэлийн ажлын хүрээнд сургалтын процесс нь өмнө нь байгаагүй их хүчин чармайлт, мэрийлт шаардсан нарийн нийлмэл үйл явц болж хувирсан. Их сургууль дээр хийгдэж байгаа шинэчлэлийн хамгийн том зорилго нь оюутнууддаа сонгох боломжийг өргөжүүлж өгсөн. Саяхныг хүртэл их сургуулийн хөтөлбөрүүд нарийсаад, зөвхөн тодорхой нэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байсан. Энэ нь нэг талаасаа өмнө мэргэжилтэн бэлтгэж байсан тэр хандлагын инерци. Нөгөө талаас их сургуулиудын санхүүжилтийн тогтолцоотой холбоотой. Их сургуулиуд өнөөдөр сургалтын төлбөрөөр санхүүжээд явж байна.

Энэ нь төлбөр төлөх хүмүүсийн суурь тоог нэмэгдүүлж байж сургууль үйл ажиллагаа явуулна. Олон оюутан татахын тулд хөтөлбөрүүдийнхээ тоог нэмэх, тухайн хүний хүсэл сонирхолд нийцүүлэх хандлагатай байсан. Ингэж хэт их явцуурах нь хөрвөх чадвар багатай, мэдлэгээ бодит амьдралд шилжүүлж хэрэглэхэд өрөөсгөл болж эхэлсэн.

Шинэчлэлийн ажил үүнийг л өөрчилсөн. Өргөн суурьтай, оюутан өөрөө сонголт хийх өргөн боломжтой ийм үйл ажиллагаатай байгууллага болгохын тулд өмнө нь байсан хэтэрхий тарж бутарсан бүтцийг буцааж, томсгож, хоорондоо чөлөөтэй солилцоо хийх боломжтой, томсгосон бүтэц рүү шилжсэн. Өмнө нь 14 сургууль байсан бол одоо таван сургуультай болж, бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэ таван сургууль дотор шинжлэх ухааны сургууль хамгийн том нь. Нийт оюутнуудын тал хувь нь энэ сургуульд сурдаг. Шинжлэх ухааны гол үндсэн салбарууд энд төвлөрч байна. Энэ сургууль бусад сургуулиасаа онцлог, ялгаатай.

МУИС-ийн гол цөм гэж хэлж болно. Нөгөө дөрвөн сургууль нь харьцангуй төрөлжсөн сургууль. МУИС одоо хаашаа явах вэ гэдэг дүр төрх, чиглэл тодорхой ойлгомжтой болсон. Энэ бол их сургууль, нийт хамт олны төвшинд удаан хугацаанд хэлэлцэгдэж байж, гарч ирсэн шийдэл. Энэ дагуу хөтөлбөрөө шинэчлэх, хөтөлбөрөө хэрэгжүүлэх, зохион байгуулалт хийх процесс ид дундаа явж байна. Энэ бол нэг удаагийн үйл ажиллагаа биш юм.

Цаашид энэ процесс улам сайжирч, шинэчлэгдэж явах учиртай. Дэлхийн олон шилдэг их сургууль ийм процессоор өөрсдийгөө байнга шинэчилж, сайжруулж явдаг. Гэхдээ үнэт зүйл нь хэвээрээ байна. Мэдлэгийг бодитоор, хараат бусаар тогтоох үндсэн зарчмаа хадгалж байна. Тиймээс энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, их сургуулийг худалдааны юм уу, бизнесийн ашиг олох байгууллагын нүдээр харж болохгүй.

Тэгвэл энэ утгаа алдана. Их сургууль дээр бий болж байгаа мэдлэгийг маш хурдан үйлдвэрлэлийн технологи болгож хувиргах, эдийн засгийн үр өгөөжтэй болгох боломжийг өргөн ашиглах ёстой. Түүнээс их сургууль бол ашгийн төлөө бизнес эрхэлдэг байгууллага биш юм.

ХЭТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ АЗИЙН ШИЛДЭГ 100 СУРГУУЛИЙН НЭГ БОЛОХ

Өнөөдөр МУИС-д 700 гаруй эрдэмтэн судлаач багш ажиллаж байна. Оны өмнөхөн бид МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг баташсан. Энэ төлөвлөгөөнд бид нэг багшид ногдох оюутны тоог аажмаар бууруулах бодлого барина.

Өнөөдөр манай нэг багшид 23 оюутан ногдож байна.

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэлийг тогтооход нэг багшид ногдох оюутны тоог бас хардаг.

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэлийг тогтооход нэг багшид ногдох оюутны тоог бас хардаг. Багш оюутан хоёр хамтарч ажиллах боломжоор хэр хангагдсан бэ гэдэг бас их чухал үзүүлэлт болдог.

Тиймээс бид хэтийн төлөвлөгөөндөө багшийн тоог нэмэх бодлого барина. Оюутны тоог одоогийн байгаагаас өсгөхгүй. Багшийн судалгаанд зарцуулах цагийг нэмэгдүүлэх, багшлах цагийг бууруулах, багшид тавих шаардлагыг өндөрсгөх гэх мэт олон асуудлыг тусгаад байна.

2024 он гэхэд Монгол Улсын дөрвөөс цөөнгүй их сургуулийг Азийн шилдэг 100 сургуулийн нэг болгох зорилтыг УИХ-аас дэвшүүлсэн. МУИС үүнийг бидэнд өгч байгаа даалгавар гэж хүлээж авсан.

ИННОВАЦИ БУЮУ МЭДЛЭГИЙГ БАЯЛАГ БОЛГОХ ЦОГЦ ШИЙДЭЛ

Өнөөдөр улс орны хөгжлийн түвшин мэдлэгийг бий болгох, түүнийг ашиглах чадвараар илэрхийлэгдэж байна. Тиймээс их сургууль дээр бий болж буй мэдлэгийг бизнесийн ертөнц рүү хурдан дамжуулах чухал шийдвэрийг саяхан Засгийн газраас гаргалаа.

Өмнө нь бидэнд зөвхөн мэдээллийн технологийн парк гэж, шинээр эхэлж байгаа гарааны компаниудыг бойжуулах зорилготой байсан байгууллагыг шинжлэх ухааны парк болгон өргөжүүлж, их сургуулиудын харьяанд ажиллахаар хүлээлгэн өглөө. Энэ бол их сургууль дээр бий болж байгаа мэдлэгийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гол үндсэн бүтцийг их сургуульд хариуцуулж, их сургуулийн үндсэн чиг үүргийг нэмэгдүүлж, их сургуулиудад эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх даалгавар өгч байна гэж ойлгож болно.

Сүүлийн жилүүдэд Засгийн газраас их сургуулиудыг дэмжих дэмжлэг эрс нэмэгдсэн. Их сургуулиудын судалгааны хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тусгайлан хөтөлбөрүүдийг олноор хэрэгжүүлж эхэллээ. Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлтэй авсан зээл тусламжийн хүрээнд дээд боловсролын шинэчлэл хөтөлбөр хэрэгжиж байна. Нийт 20 сая долларын төсөл хэрэгжиж байна. Энэ төсөл байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлийн хөтөлбөрүүд дээр зарчмын томоохон өөрчлөлт гаргах. Их сургуулиудын чанарын удирдлагын системийг сайжруулах.

Засаглалын системийг үр нөлөөтэй болгох. Ер нь дээд боловсролын системийг бүхэлд нь өөрчилнө гэсэн том хүрээн дотор олон ажил хийхээр төлөвлөсөн. Гэхдээ системийг бүхэлд нь өөрчилж, шинэчлэхэд төсөвлөсөн мөнгө маань хүрэлцэхгүй учраас аль болохоор тодорхой гол асуудлууд дээр төвлөрч, оновчтой зарах гэсэн шийдлүүд хүлээгдэж байна. Үүнд МУИС онцгой байр суурь эзэлж байна.

Энэ төслийн хүрээнд зөвхөн МУИС дээр өнгөрсөн жил 10 судалгааны лаборатори байгуулагдсан. Энэ ажил МУИС-ийн эрдэмтэн багш нарын судалгаа шинжилгээ хийх орчныг сайжруулахад сүүлийн жилүүдэд анх удаа хийж байгаа томоохон ажил болсон. Мөн их сургууль маань хэдийгээр сургалтын төлбөрөөр санхүүжиж байгаа ч гэсэн тодорхой хэмжээний хуримтлал үүсгээд, өөрийнхөө хуримтлалаар зургаан лабораторийг шинэчилж, сайжруулсан.

Энэ нь 2015 онд их сургууль дээр хийгдсэн томоохон ажлын үр дүн юм. МУИС 2014-2015 оны хичээлийн жилийг “Судалгааг дэмжих жил” болгон зарласан. Энэ нь судалгааны сургууль болох, судалгаа хийж байгаа багш нарыг урамшуулахын тулд дотоод эх үүсвэрээс бүрдсэн 800 сая төгрөгийн төсөвтэй хөтөлбөр хийсэн. Энэ хөтөлбөрт МУИС-ийн олон багш, оюутнууд хамрагдсан. Өнөөдөр бид биелэлтийг нь дүгнэж байна. Судалгаанд хамрагдах хүмүүсийн тоо нэмэгдсэн, мэргэжлийн сэтгүүлүүдэд нийтлүүлэхээр илгээсэн эрдэм шинжилгээний өгүүллийн тоо нэмэгдсэн байна.

Үйлдвэрлэлийн технологид нэвтрүүлэх судалгааны бүтээл бас цөөнгүй байна. Энэ ажлыг бид цаашид үргэлжлүүлэн 2016 онд сургууль өөрийнхөө хөрөнгөөр 800 сая төгрөгийг судалгааны ажилд зарцуулахаар төсөвлөсөн.

Ер нь бол судалгааны ажлын санхүүжилтийн хувь, хэмжээ сүүлийн жилүүдэд өссөн. МУИС-ийн багш нар гурван тэрбум төгрөгийн судалгааны ажил хийж байна. Өмнө нь цэвэр сургалтын шинжтэй байсан энэ байгууллага аажим аажмаар судалгааны ажил руу идэвхтэй орж байна.

ШИНЭЧЛЭЛИЙН ЗУРАГЛАЛ БУЮУ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН

Их сургуулиудын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжиж, бие даасан байдлыг бататгах чиглэлээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-аар хэлэлцээд эхэллээ. Энэ хуулийн үндсэн агуулгыг мушгиж тайлбарлах, үзэл бодлын зөрүүтэй тайлбарууд гарч байгаа нь харагдаж байна.

Их сургуулийн бие даасан байдлыг нэмэгдүүлэхээр оруулж байгаа гол өөрчлөлтүүдийг яваандаа их сургуулиудыг хувьчилж авах гэсэн далд илэрхийлэл гэж тайлбарлах хүмүүс бас байна. Би бодохдоо ямар ч байсан энэ хуулийг санаачилсан хүмүүсийн толгойд ийм бодол байгаагүй байх гэдэгт итгэлтэй байна. Би өөрөө энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан.

Үүний гол үндсэн санаа нь их сургууль аливаа эрх ашгаас ангид байх засаглалын тогтолцоонд шилжих шийдлүүдийг л санал болгож байгаа юм. Үүнийг яаж бий болгох вэ гэхээр их сургуулийг удирдаж байгаа удирдах зөвлөлийн эрх мэдлийг нэлээд өргөжүүлэхээр ярьж байна. Ялангуяа, төрийн өмчийн их сургуулийн удирдах зөвлөл нь хөгжлийг тодорхойлдог байгууллага гэж хуульд томьёолсон ч их сургуультай холбоотой гол үндсэн шийдвэрүүд Засгийн газар болон БСШУЯ-ны төвшинд гарч байна.

Тэгэхээр удирдах зөвлөл нь бүрэн эрхтэй, их сургуулийг удирдах байгууллага мөн үү, биш үү гэсэн асуулт тавигдаж буй юм. Ялангуяа Засгийн газрын зүгээс их сургуулийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэрүүдийг шууд гаргаж байгаа төр засгийн зүгээс, тэр тусмаа улс төрийн сонгуулийн үр дүнгээр албан тушаал хашиж байгаа хүмүүс их сургуулийн үйл ажиллагаанд шууд оролцох үүд хаалгыг нээж байна.

Энэ нь цаашид их сургууль дотор магадгүй улс төрийн зорилгоор үйлчлэх, нөлөөлөлд автах байдалтай болж байгаа юм. Үүнээс чөлөөлж өгье, энэ төрлийн хамаарлыг арилгаж өгье гэсэн санаа юм. Энэ зорилгоор их сургуулийн удирдах зөвлөлийн гишүүдийг хараат бус гишүүд. Монголын нийгмийн итгэмжлэлийг авч чадах гишүүдээр хөгжлийн асуудлаар шийдвэр гаргах, ийм байр суурьтай ажиллуулъя гэсэн ерөнхий санаа явж буй юм.

Үүнийг зарим нь улс төрөөс хараат бус, харин ч улс төрөөс хамааралтай болох гээд байна гэж болгоомжилж байна. Гэхдээ энд зориуд тэмдэглэж хэлэхэд, УИХ-аар хэлэлцэгдэж буй хуулийн гол үнсэн санаа бол хараат бус байх, их сургуулийн удирдах зөвлөлд байх гишүүд нь Монголын нийгмийн, олон нийтийн нийтлэг эрх ашгийг илэрхийлж, их сургуулийн хөгжлийн асуудлаар шийдвэр гаргах тийм нэр хүндтэй хүмүүс байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Өнөөдөр хуульд оруулж байгаа тэр хувилбар зөв үү, буруу юу гэдгийг шүүн хэлэлцэх эрх, санал санаачилга хүргэх эрх олон нийтэд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач багш нарт нээлттэй бий.