МУИС-ийн Завхан сургуулийн Санхүү хангамж үйлчилгээний албаны дарга Далхаагийн Очирпүрэв төрд ажилласан гавьяа зүтгэл, хөдөлмөрөө үнэлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” медалиар шагнууллаа.
Д.Очирпүрэв танд МУИС-ийн Завхан сургуулийн эрдмийн хамт олон, ажилтан албан хаагч нарын зүгээс баяр хүргэе.
Д.Очирпүрэв 1977 онд Завхан аймгийн Худалдааны техникум, 1989 онд Улс төрийн дээд сургууль, 1995 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй. 1977 – 1978 онд Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд тооцооны нягтлан бодогч, 1982 – 1992 онд Завхан аймгийн Худалдааны техникум-ТМС-д нягтлан бодох бүртгэлийн багш, Цэргийн анхан шатны бэлтгэл сургалтын мастер багш , 1992 -1998 онд Завхан аймгийн Ойн аж ахуйн ерөнхий нягтлан бодогч, 1998-2002 онд “Балбархай” ХХК-ийн захирал, 2002-2006 онд Хоршоог дэмжих төвд нягтлан бодогч, сургагч багш, хоршооны аудитор, 2006 оноос МУИС-ийн Завхан сургуулийн Санхүү хангамж үйлчилгээний албаны даргаар ажиллаж байна.
Багшлах хугацаандаа баруун бүс нутагт худалдааны мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажилд өөрийн мэдлэг боловсролоо дайчлан ажиллаж 15000 орчим мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж төгсгөсөн байна.
Аймаг орон нутагт хоршоологчдын хөдөлгөөнийг зохион байгуулж, хоршоо үүсгэн байгуулах, хоршооны ажиллах зарчим, хоршоонд хөтлөгдөх нягтлан бодох бүртгэлийн анхан шатны сургалт семинаруудыг зохион байгуулан ажилласан нь хоршоологчдын салбарын шинэчлэл, хоршооны гишүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал түлхэц болсон байна.
Сургуулийнхаа хэв сургалтын орчин нөхцлийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх талаар санаачлага гаргаж, хамт олноороо хэлэлцүүлэн ажилдаа хэрэгжүүлж ажилласан нь боловсролын тогтвортой хөгжлийг хангах , үйлчилгээг хүний хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх үндэс суурь болсон юм.
Улсад 35 жил хөдөлмөрлөхдөө сурган хүмүүжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан, сургуулийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан танд сайн сайхныг хүсье.
МУИС-ийн Завхан сургуулийн захиргаа , хамт олон